Friday, August 21, 2009

Б.ЛХАГВАСҮРЭН "ОРЧЛОН МИНЬ"

Ирж болсон юм, буцаж бололгүй дээ орчлон минь
Иймхэн богиносон уу, амьд байна гэдэг
Хайртай хүнийгээ харуутаа ичдэг байсан
Ичихийг минь та уйдааж байгаад авчихсан

Буруу үйлийнхээ дараа
Байж суухаа олж ядан гэмшдэг байсан
Гэмшихийг минь та уйлуулж байгаад авчихсан

Тээнэгэлзэх болгоомжлохыг мэдэхгүй
Тэнэг цэцэн гэлгүй итгэдэг байсан
Итгэлийг минь та хуурч байгаад авчихсан

Тохиолдсон сайхан гэсэн болгонд
Тогтож ядталаа баярладаг байсан
Баярлахыг минь та гутааж байгаад авчихсан

Үгний салхи, үгний хор хоёрт
Үхэн алдан гомддог байсан
Гомдохыг минь та хатааж байгаад авчихсан

Сайхан сэтгэл, ухаан, хүн чанарыг
Шүлсээ залгиж хүндэлдэг байсан
Хүндлэлийг минь та хөвсөргөдөж байгаад авчихсан

Үхтэлээ ил далдын зантай
Үнэн явъя даа гэж бодсон
Үнэнийг минь худлаагаар солиод авчихсан

Амиа таньд булаалгаж байж
Амирлах юм байна аа би
Ирж болсон юм буцаж бололгүй дээ орчлон минь
Ийм хатуусан бил үү хорвоо гэдэг

… гэж бодох юм,

Хүмүүс минь, хүн хүн чанар гэж ярих тусмаа хүн чанараа алдаад байна уу даа. Хүний дотроос ямар их амар амгалан гарч, мөн ямар их аюул хорсол дүрэлзэнэ вэ.
Гэвч хүний сайхан бүхнийхээ гэрлийг бөхөөхгүй улам бадрааж байвал гэрэлтсээр үлддэг жамтай. Эмзэг, тэвчээргүй нь гэрлээ амархан бөхөөж, ухаантай тэвчээртэй нь бадамлан асааж, тэр гэгээг цацруулан арчаагүй сэтгэл муутнуудын тархин дундуур инээмсэглэн зүсээд гарахад өмнө минь сөхрөх нь дамжиггүй ээ.