Friday, November 19, 2010

ХЭЛ СУРЪЯ ГЭВЭЛ БҮҮ ИЧ!





Kато Ломб:
Сурч буй хэлнийхээ бичил орчинг бий болго

Като Ломб бол орчуулагч төдийгүй, зохиолч хүн. Энэ эмэгтэй 16 улсын хэл мэддэг. Тэрбээр хорь гарсан хойноо гадаад хэл үзэж эхэлсэн бөгөөд өөрийн уйгагүй оролдлогоор олон хэлийг амжилттай сурч чадсан. Гимназид сурч байхдаа хэл сурах ямар ч авъяасгүй хүүхэд гэж багшдаа зэмлүүлдэг хүүхэд байжээ. Гадаад хэл сурахад өөрийгөө сэтгэлзүйн хувьд бэлтгэхээс хэл сурах нөр их ажлыг эхлэх хэрэгтэй. Сэтгэлзүйн хувьд бэлтгэхийн тулд тухайн хэлийг үзэх болсон бодит шалтгааныг “яс махандаа” шингэтэл гүнзгий ойлгож, тэр хэлийг сурах чин хүсэл тэмүүллийг өөртөө буй болгох хэрэгтэй болдог гэнэ. Үүний дараа тухайн хэлийг сурах ажлаа тэр хэл дээр ном уншихаас л эхлэх нь зүйтэй. Ямар ном унших вэ гэдэг маш чухал асуудал. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхдог ном, товхимолыг унших хэрэгтэй. Бас тухайн хэл дээр детектив зохиол уншихаас эхлэх нь илүү өгөөжтэй ч байж болох. Үгийн баялаг муутай хүн гадаад хэл дээр ном унших нь тийм ч хүсмээр үйл биш. Хорин минут хэртэй уншиж байж, тухайн уншсан зүйлээ юуны тухай өгүүлж байгааг төсөөлж, хэд хэдэн мэддэг үгтэй таарах бөгөөд дараа уншихаар хойш нь тавь. Дараа уншихдаа өмнө уншсан хэсгүүдтэйгээ утгаар нь холбохыг хичээ. Энэ бүхний дараа номоо эхнээс нь давтан унших хэрэгтэй. Тухайн ном юуны тухай өгүүлж байгааг ойлго хэрэгтэй. Үнэхээр чухал үг олог удаа давтагдах болно гэдгийг сана. Олонтаа давтагдсан үгийг контекстээр нь ойлгохыг хичээ. Болохгүй бол толь бичгээ ашигла. Гадаад хэл сурна гэдэг бол загвар болгон ашиглах олон тооны хэлц, хэллэг, богино өгүүлбэрийг эзэмших үндсэн арга унших явдал ажээ. Сурч буй хэл дээрээ өөрөө өөртэйгөө ярьж, өдрийн тэмдэглэл бичих, тэр хэлээр сэтгэх, байнга унших явдал хамгийн чухал. Сургалтын явцад өөртөө бичил орчин бий болгох нь хурдан сурах аргын нэг хэлбэр. Нэг хөгтэй явдал болж билээ. Будапештийн автобусанд сууж яваа хэрнээ би Германд байгаагаар төсөөлж, германаар ярихыг оролдож явтал гэнэт нэгэн эр мажараар ярихыг сонсоод “Та бас Унгараас ирсэн үү” гэж асууж билээ. Би гадаад хэл сурахдаа эг хэлний хамгийн том толийг худалдан авч түүнийгээ сурах бичиг шиг үзэж, үндэс нэгтэй үгнүүдэд тэр хэлний үг бүтэх ёсыг судалж, улмаар чухал үгүүдийг тогтоож эхэлдэг.

Карло Тольявина:
Амин сүнс болсон зөв дуудлагыг нь эхлээд эзэмш

25 улсын хэл дээр лекц уншиж, хичээл заадаг их сургуулийн багш Карло Тольявина 50 гаруй улсын Шинжлэх ухааны академийн гишүүн хүн. Тэр нийтдээ 120 улсын хэл мэддэг. 12 настайдаа 7 улсын хэл, 22 настайдаа эртний болон орчин үеийн 15 хэл мэддэг байжээ. Карло Тольявина ярихдаа гадаад хэл сурахдаа эхлээд л тэр хэлний амин сүнс болсон зөв дуудлага, аялгыг эзэмших нь хамгийн чухал. Дараа нь өгүүлбэрийн байгууламжийг судалж, бүтэн бүтэн өгүүлбэрүүд цээжлэн өгүүлбэр бүрийн гишүүдийг хувирган өөрчилж, шинэ үгээр орлуулан баяжуулж тогтоодог. Бас тогтоосон өгүүлбэрүүдээ хооронд нь холбож, шинэ утга илэрхийлдэг бөгөөд энэ бүхнээ дахин байнга давтах хэрэгтэй байдаг аж.

ҮГ ЯАЖ ТОГТООХ ВЭ?

Эрдэмтдийн тооцоолсноор тухайн хэлний олонтаа хэрэглэгддэг 4000-6000 үгийг мэдсэн байхад тэр хэл дээр уран зохиолын номыг зэрвэсхэн уншаад ойлгодог болдог. Харин өөрийнхөө санааг чөлөөтэй илэрхийлдэг болохын тулд Оросын хэл шинжлэлийн профессор, доктор Э. Шубины тооцоолсноор 6000-8000 үгийн нэгж эзэмшсэн байх шаардлагатай. Харин үг хүний ой ухаанд ганцаараа оршдоггүй учраас тодорхой утга санаа илэрхийлсэн холбоо үгээр, эсвэл уг үг оролцсон өргөн хэрэглэгддэг өгүүлбэрээр нь тогтоовол сайн үлддэг. Үндэс нэгтэй үгнүүдийг нэг дор бичиж, тэдгээрийг хооронд нь харьцуулан судлах замаар үг бүтээх дүрмийг эзэмших нь ач холбогдолтой байдаг. Үг тогтоохдоо түүнийг хэлж сонсох, бичих зэргээр хүртэхүйн бүх л эрхтэнг идэвхитэй оролцуулж байх нь нэн чухал. Мартсан үгээ сэргээх санах гэж толь бичиг шүүрэх хэрэггүй. Аль болох сэргээн санах гэж оролд. Уг үгийн эсрэг буюу ойролцоо утгатай үгийг санах гэж өөрийгөө бага зэрэг зовоогоорой.

ДҮРЭМ ЯАЖ ЭЗЭМШИХ ВЭ?

Эхний үед дүрмийг зөвхөн үгийн хоорондын холболт тэдгээрийн хэлбэржилтийг ойлгоход туслах хэмжээгээр эзэмш. Харин дараагийн шатанд дүрмийг гүнзгийрүүлэн судалж, түүнийг өөрийнхөө ярианд хяналт тавих, тэр хэл дээр алдаагүй бичиж сурахад ашиглах шаардлагатай болдог. Дүрмийг уншихаасаа өмнө түүнийг тайлбарласан жишээнүүдтэй танилцаж, тэдгээрийг хооронд нь харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх замаар өөрийн алдаагаа олж, түүнийгээ засах замаар сурах нь үр бүтээлтэй байдаг. Эх хэлнээсээ гадаад хэл рүү эргүүлж орчуулах маш чухал. Дасгалыг амаар хийх нь цаг хэмнэх ач холбогдолтой. Зургаагаас долоон өгүүлбэр бүхий дасгалыг бичгээр хийх хугацаанд 15-18 өгүүлбэр орсон дасгалыг амаар хийдэг нь тогтоогджээ.

ГАДААД ХЭЛ ДЭЭР НОМ УНШ

Тухайн сурч буй хэл дээрээ сонин хэвлэл, өгүүллэг, тууж, тэр ч бүү хэл роман уншиж, радио сонсч, телевиз үзэх нь маш чухал. Гадаад хэл дээр ном зохиол уншихад мэддэг үг олон давтагдаж, ой ухаанд хоногших төдийгүй түүний олон салаа утга тайлагдаж, ярианд болон бичигт хэрэглэх чадвар нэмэгддэг. Сурч байгаа хэл дээрээ ном унших нь тухайн хэлээр ярьж сурахын эхлэл болдог. Ном унших нь ярих чадварыг нэмэгдүүлж, удаан хадгалдаг. Эрдэмтдийн судалгаагаар бол тухайн хэлээр ном уншиж байсан бол бол хоёр жил ярихгүй байсан ч ярих чадвар алдагддаггүй аж.

ЯРЬЖ СУРАХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

Бүү ич. Эхний үед өч төчнөөн алдаа хийх нь мэдээж. Ийм учраас зоригтой ярьж бай. Өөрийгөө ойлгуулахыг хичээгээд, мэддэг үгээ шавхан ярь. Яг хэрэгтэй үед мэддэг үг санаанд орохгүй зовоох нь бий. Хаана, ямар алдаа хийснээ мэдэж, учрыг нь олж, алдаагаа засан, алдсан дээрээ суралцвал алдаатай ч зөв ярьж сурна. Ийм нөхцөлд алдаа бол зөв ярихын үндэс болдог. Өдөр тутмын асуудлаар бусдад асуулт тавьж, тавигдсан асуултад хариулж сурах нь гадаад хэлээр ярьж сурахын эхлэл болдог. Харилцан яриаг цээжил. Аливаа текстийг уншаад, дараа нь ойлгосноо өөрийн үгээ ярьж сур.

No comments: